flowers around Moilt

АДУУНЫ УРУУЛ
Модорхог бүдүүн иштэй, 30-75 см өндөр, эгц босоо, ширэлдсэн эсгийрхэг үржилттэй иштэй, олон наст өвслөг ургамал. Навч энгийн том, өдөлсөн ухалбар, өвөр тал нь эсгийлэг цайвар үстэй, ирмэгтээ өргөс шивүүр бүхий шүд юмуу далбантай. Цэцэг хөх цэнхэр, хоолойрхуу хэлбэртэй, бөмбөлөг хэлбэрийн ганц том сагстай. Үрэнцэр жимстэй. 7-р сард цэцэглэдэг. Ойт хээрийн бүслүүр, хээрийн бүсэд уулын чулуурхаг, хайргархаг хажуу, бэл хормой, хадархаг газар ургадаг. Үндэсийг хавдарын хор гаргах, халуурах, уушигны өвчинд хэрэглэнэ. Анхилуун үнэртэй.

БААВАР ЦЭЦЭГ / БЭР ЦЭЦЭГ
15-50 см өндөр ургадаг, олон наст чийгсүү өвслөг ургамал. Навч өдөлсөн цуулбар. Цэцэг нил ягаан, цэнхэр өнгөтэй, толгойрхуу сагс баг цэцэг үүсгэдэг. Үрэнцэр жимстэй. Цэцэг нь нил ягаан юмуу цэнхэр өнгөтэй. Цэцэглэх хугацаа нь 7-р сард. Уулын  хээр, ойт хээрийн бүслүүр, хээрийн бүсэд тэгш тал, нугархаг хээр, алаг өвст нуга, сөөгөн ширэнгэ, хайргархаг ба чулуурхаг хээржүү хажууд ургана. Хор тайлах, шээс хаагдах, цээжинд муу цус хурахад хэрэглэнэ, үс ургуулна. Анхилуун үнэртэй.

             БОРОЛЗГОНО ШҮҮР
Маш их салаархаг, 15-80 см өндөр ургадаг, сэрэвгэрдүү сөөглөг ургамал. Навч 5-9 см навчинцартай, сондгой өдөлсөн нийлмэл, өтгөн торгомсог үсжилттэй. Цэцэг шар, мөчир салааны үзүүрт нэг юмуу хэд хэдээр оршино. Самранцар жимстэй. Цэцэглэх хугацаа нь 6, 7-р сард. Өндөр уул, ой ба ойт хээрийн бүслүүрт голын эрэг, жалга, судаг, ам хавцал, хэсэг бусаг элс, сөөгөн ширэнгэ, уул толгодын бэл, хяр, асгараг, нурагаар ургана. Газрын дээрх бие, цэцгийг хөхний хавдар дарахад, усан хаван, арьсний өвчин, шүд өвдөх, уушигны өвчинд тустай. Малын тэжээлийн ургамал. Будагч бодистой. Анхилуун үнэртэй.

             ДАЛАН ТҮРҮҮ
Махлаг бүдүүн голлосон үндэстэй, нягт шигүү бутаар ургадаг, 20-40 см эгц босоо иштэй, заримдаг сөөгөнцөр. Навч цувраа, юлдэрхүү хэлбэртэй, бүтэн ирмэгтэй. Цэцэг ягаан, цагаан өнгөтэй, ишний үзүүрийн бамбай баг цэцэг үүсгэнэ. Хонхорцог жимстэй. Цэцэглэх хугацаа нь 6, 7-р сард. Ойт хээрийн бүслүүрт хайргархаг ба чулуурхаг хээржүү хажуу ба хадархаг хээржүү хажуу, нугархаг хээр, ойн нуга ба зах, атаржсан газар ургана. Үндэсийг нян өвчнийг туулгах, арьсны өвчин, бэтэг өвчнийг эмнэх зэрэгт хэрэглэнэ. Анхилуун үнэртэй.
 ЭМИЙН СӨД
Том үндэслэг иштэй, 20-110 см өндөр ургадаг, олон наст өвслөг ургамал. Навч том, сондгой өдлөг нийлмэл, угтаа шүдэрхэг дагавартай. Навчинцар 4-6 хос, гонзгой өндгөрхүү хэлбэртэй, танамал суурьтай. Цэцэг хүрэн ягаан, ишний үзүүрт толгой багцаг үүсгэнэ. Үрэнцэр жимстэй. Цэцэглэх хугацаа нь 7, 8 сард. Уулын хээр, ойт хээрийн бүслүүрт алаг өвс татмын ой ба нуга, нугархаг хээр, алаг өвст тэгш тал, гол горхи, булгийн эрэг, эргийн сөөгөн ширэнгэ, шинэсэн ой, тэдгээрийн зах, ойн нугад ургана. Сөдийн толгойг гэдэс базлах, цустай өтгөн гарах, ходоод гэдэсний архаг өрөвсөлд буцалгаж ууна. Анхилуун үнэртэй.

ГАНГА 
Газар доор уг нь ихэд модожсон, мөлхөө иштэй, заримдаг сөөгөнцөр ургамал. Навчис жижиг, тонгоруу өндгөрхүү хэлбэртэй, бүтэн, үсэрхэг. Цэцэг жижигхэн, 2 уруултай, ишний үзүүрийн навчны өвөрт байрладаг, ягаан өнгөтэй. Самранцар жимстэй. Ягаан цэцэгтэй. Цэцэглэх хугацаа 6, 7-р сар. Уулын хээрийн бүслүүр, говь цөл, хээрийн бүсэд байц цохио, асга, хайргархаг ба чулуурхаг хээржүү хажуу, эрэг дагасан хайр, нүүдэггүй элсэнд ургана. Үсийг гангаар угаавал уртасдаг. Шанпунь хийдэг ашигт ургамал мөн эмчилгээний зориулалттай. Анхилуун содон үнэртэй. Цэцэглэснээс хойш 8-р сарын сүүлч хүртэл фотосапари аялалд ашиглах боломжтой. Мөн үнэрийг нь ашиглан бэлэг дурсгалын зүйлд шингээх боломжтой.

 ГОЛЫН ЦАХИЛДАГ
Дээсэрхүү бүдүүн үндэслэг иштэй, 15-30 см өндөр, нягт дэгнүүл үүсгэн ургадаг, олон наст өвслөг ургамал. Навч үндэс орчимдоо бөгөөд сэлмэрхүү хэлбэртэй. Цэцэг хөх цэнхэр, ягаан алаг 3, 3-аар гарсан 6-н дэлбээтэй. Хонхорцог жимстэй. Цэцэглэх хугацаа нь 5, 6-р сард. Монгол орны байгалийн бүх бүс бүслүүрт гол горхи, булаг, нуурын хужирлаг эрэг, голын сайр, шорвог нуга, голын эрэг, хотос, тойром, цайдамын хүрээ, дэрсэн ширэнгэ, сайр садаргаар ургана. Хоолойны өвчин, бүх дотор өвчинд хэрэглэнэ. Анхилуун үнэртэй.

             ГҮЗЭЭЛЗГЭНЭ
Газрын дээр мөлхөө найлзууртай, 10 20 см ургадаг, олон наст өвслөг ургамал. Навч гурвалсан нийлмэл, навчинцар ромборхуу хэлбэртэй, шүдэрхэг ирмэгтэй, ар талдаа торгомсог үслэгтэй. Цэцэг цагаан, сийрэг бамбай багцаг үүсгэнэ. Хуурамч жимсгэнэ жимстэй. Цэцэг нь цагаан өнгөтэй. Цэцэглэх хугацаа 6, 7-р сард. Ойт хээрийн бүслүүрт шинэсэн ба холимог ой, хусан төгөл, тэдгээрийн зах, ойн нугад ургана. Жимсийг нь түүж хүнсэнд шууд хэрэглэх, төрөл бүрийн чанамал бэлтгэж болохоос гадна газрын дээрх биеийг шар өвчинд хэрэглэнэ. Анхилуун үнэртэй.
АЛАГ БАШИР 
Гоёмсог ягаан цэцэгтэй, олон наст өвслөг ургамал. Цэцэг хадаасархуу хэлбэртэй. Хайргатай, чулуутай хуурай хажуу, хээржүү нуга, тэгш талд ургана. Мал дунд зэрэг иддэг. Цэцэглэх хугацаа: 6, 7 сар.

ХАВАРСАЛ 
Сахлаг үндэстэй, сум иштэй, үндэс орчмын навчис дэвсээ, 15-20 см өндөр ургадаг, олон наст өвслөг ургамал. Навч хүрзэрхүү-юлд хэлбэртэй, бүтэн. Цэцэг нил ягаан өнгөтэй, ишний оройдоо энгийн шүхэр баг цэцэг үүсгэдэг. Хонхорцог жимстэй. Нил ягаан өнгийн цэцэгтэй. Цэцэглэх хугацаа 7-р сард. Өндөр уул, ойт хээрийн бүслүүрт татмын ой, чийглэг ба намгархаг нуга, гол, горхины эрэг, торлог, бургасан шугуй, сийрэг шинэсэн ой, хусан төгөл, намаг, намгархаг нугад ургана. Шархадсан, хавдсаныг хөөхөд хэрэглэнэ. Анхилуун үнэртэй.

ГАЛУУН ГИЧГЭНЭ 
Үенээсээ үндэслэдэг, мөлхөө нарийн иштэй, олон наст өвслөг ургамал. Цэцэг тод шар. Эргийн чийглэг болон марзтай нуга, гол, нуур, булаг, шандын эрэг, намагжсан нуга, айлын бууц, суурин газар ургана. Цэцэглэх хугацаа 6, 7-р сард.

ХӨХ ЯРГУЙ 
5-25 см өндөр, жижиг бутаар ургадаг, олон наст өвслөг ургамал. Навчис өдөлсөн цуулбар үсэрхэг. Цэцэг хонхорхуу, хөх ягаан өнгөтэй, ганц нэгээр ургадаг, хавар эртийн ургамал. Самранцар жимстэй. 5-р сард цэцэглэнэ. Уулын хээр, ойт хээрийн бүслүүрт алаг өвст уулын хээр, байц цохио, хайргархаг ба чулуурхаг хээржүү хажуу, эргийн хуурай хайрганд ургана. Цэцгийг хорхойн өвчин, могойн хор, шарх, нянг устгахад хэрэглэнэ. Тамир сайжруулна. Анхилуун үнэртэй.
             ЖАМЪЯНМЯДАГ
Үндэслэг иштэй, 20 70 см өндөр ургадаг, олон наст өвслөг ургамал. Үндэс орчмын навчис урт бариултай, сарвуулсан цуулбар. Цэцэг улбар шар өнгөтэй, дэлбэн далавчтай. Хэтэвчин жимстэй. Цэцэглэх хугацаа 6, 7-р сард. Уулын хээр, ойт хээрийн бүслүүрт шинэсэн ой, хусан ой, тэдгээрийн зах, татмын ой, сөөгөн ширэнгэ, өндөр уулын нугад ургана. Цэцгийг цус хямарсан, цээжээр хатгах зэрэг аливаа хатгааг эмнэхэд ашиглахад тустай. Анхилуун үнэртэй.

МӨЛХӨӨ ГИЧГЭНЭ 
Газар дээр үндэслэгддэг, зэллэсэн, улаан цурав иштэй, намхан ургадаг, олон  наст өвслөг ургамал. Навч өдөлсөн нийлмэл, ар, өвөр талдаа мөнгөлөн цайвар, торгомсог үсжилттэй, хурц шүдэрхэг ирмэгтэй. Цэцэг шар, ганц нэгээрээ цэцэгт ишний оройд байрлана. Самранцар жимстэй. Цэцэглэх хугацаа 6, 7-р сард. Монгол орны байгалийн бүх бүс бүслүүрт эргийн чийглэг нуга, хужирлаг нуга, гол нуурын эрэг, намгархаг нуга, замын дагууд ургана. Газрын дээрх биеийг цус алдалт, гүйлгэх үед хэрэглэнэ. Анхилуун үнэртэй.

НОХОЙН ХОШУУ 
Уг сөөг модлог ургамал нь өргөст зэрлэг сарнайн төрлийн ургамал. Дэлхийн хойд хэсгийн сэрүүн, сэрүүвтэр, хүйтэн, дулаавтар уур амьсгалтай хэсэгт элбэг ургадаг. Тод улаан, ягаан, цагаан өнгийн анхилуун үнэртэй, цэцэгтэй, гоёмсог, үзэсгэлэнтэй ургамал. Бүр МЭӨ 6-2 р зуунд эмчилгээний үнэт ургамал хэмээн үзэж тарималжуулах оролдлого хийж байсан. Манай оронд 10 орчим төрөл зүйлийн нохойн хошуу ургадаг. Хатаасан 100 гр нохойн хошууны жимсэнд 1200 мг хүртэл С аминдэм агуулагддаг. Төрөл бүрийн ундаа хийж уувал дархлааг сайжруулж тамир тэнхээг нэмдэг. Хэт хавагнасан үед буцалгаж уувал сайн. Өглөө бүр ч цайндаа буцалгаж уусан болох бөгөөд цэвэр байгалийн гаралтай, эмийн ургамал учраас хүний биед ямар нэгэн сөрөг харшилгүй хэмээдэг.

            ЦАГААН УУЛ
 Богино үндэслэг иштэй, үнсэн саарал өнгөтэй. 10-15 см өндөр ургадаг, олон наст өвслөг ургамал. Навчис өргөн шугамархуу, юлдэрхүү хэлбэртэй, зэгэл сааралдуу ноосорхог үсжилттэй. Сагс цайвар өнгөтэй, 2-5-н сагснаас одорхуу хэлбэртэй болдог. Үрэнцэр жимстэй. Цэцгийн өнгө цагаан, цайвар. Цэцэглэх хугацаа 7, 8-р сард. Ойт хээрийн бүслүүр, хээрийн бүсэд туж, шинэсэн хуурай ой, хайргархаг ба чулуурхаг хээрхүү хажуу, хээрийн болоод хуурай нуга, тэгш талд ургана. Газрийн дээрх биеийг булчирхайн өвчин, цус алдахад хэрэглэнэ. Содон үнэргүй. Цэцэглэснээс хойш 9-р сарын сүүлч хүртэл фотосапари аялалд ашиглахаас шадна өнгөө алдадгүй учир бэлэг дурсгалын зүйл хийхэд ашиглах боломжтой.

             ТӨМСНИЙ УЛААН / ЦАГААН ТӨМС
Олон газар, бүс нутгийн Улаан номонд орсон ургамал. Зургаагаас 7-р сард цэцэглэдэг. Мал тааруухан иддэг ч хүнсний болоод гоёл чимэглэлийн ач холбогдол өндөртэй. Сүүлийн үед уламжлалт эмэнд хэрэглэж байгаа. Цэцэглэж байх үед нь тайрч хатаасан өвчийг сүүдэрт хатааж бэлддэг. Сонгиныг шинээр нь иддэг. Заримдаа хөрс, үндэс, ишнээс нь салгаад хатааж авдаг. Хатаасан өвсний хандыг ханиад томуу болон халуун дарахад хэрэглэдэг. Сонгиныг хорт хавдарт тавьж хэрэглэдэг гэдэг. Төвдийн эмчилгээнд сонгиныг яс хугарахад, цэсгийг нь цусны даралтанд тус тус хэрэглэдэг байна.

 ХӨМӨГ
20-30 см өндөр, богиновтор үндэслэдэг иштэй, олон наст өвслөг ургамал. Шүхэр хэлбэрийн сийрэг баг цэцэгтэй. Цөлийн хайрга, чулуутай юмуу элслэг хээр, хайрга чулуутай цөл, элс уул, толгодын хад, чулуутай энгэр газар ургана. Цэцэглэх хугацаа 7, 8 сард.

             МОНГОЛ БАГВААХАЙ
Торлог үслэг, 15-25 см өндөр, олон наст өвслөг ургамал. Ургамлын бүх эрхтэн, хэсэг шүүн шүүслэг. Цэцэг нь цайвар шаргал. Ойн болон татмын нуга, тариа ногооны талбай, айлын бууц, суурин газар, замын хажуугаар ургана. Малын тэжээлийн ургамал. Цэцэглэх хугацаа 6, 7-р сард. 
АШИГЛАСАН НОМ: Ж.ЛХАГВА-ЭРДЭНЭ, П.АРИУНСҮРЭН, ЦЭЦЭГ АЖИГЛАХ АЯЛАЛ ном, 2009 ОН.