БАЙГАЛЬ

 
Эзэн Чингисийн алтан ураг
Эрхэм сайн ноён ханы үр
Эрх мэргэн Азар гүний
Эмхлэн зассан халх хошуу
Баян-Агт, Баянзүрх
Баянхайрхан, Баянгол
Цагаан Агт, Цагаан даваа
Цагаан толгой, Цагаан гол
 
Баянцагааны бэлэгдэлтэй
Байгалийн сайхан тогтоцтой
Уул ус нь тэгширсэн
Унаган төрхөөрөө газар
 
Ихэс дээдсийн онгон сахиустай
Ихэр хоёр Агт уул
Эдгээх анагаах увидас шингэсэн
Эмгэн тойны домогт рашаан
Хэвтээ арслангийн ихэмсэг дүртэй
Хүчтэний шүтээн Цант хайрхан
Халхын Өндөр гэгээний таньж аравнайлсан
Хануйгаа дагасан зуун найман рашаан
 
Хадан овоондоо хилийн дээстэй
Халиун энгэр, Цагаан даваа
Хаа холын түүхийг хүүрнэх
Халтарын хоолойн буган хөшөө
 
Хүж дэлхийн цөмөөс оргилсон
Хүйс мандал, Наран уулс
Түрэг хаадын цайз балгасны
Түүхэн гэрч Шивээт Улаан
 
Хурын сангийн чулуун тогоотой
Хурц сүрлэг хайрхан уул
Халиурах тарианы үржилт хөрс
Хавцгайт Нугын шаргал хөндий
 
Халтар хөх тул сүрэглэсэн
Хануй, Хүнүй, Сэлэнгэ мөрөн
Шанхан талын цэнхэр мэлмий
Шарга, Цэгээний холбоо нуур
Зуд үздэггүй Бор нуруу
Зуншлага алддаггүй Зулай хөөвөр
Зүйлийн зовлонг үргээх шидтэй
Заан хүж эмийн цэцэг
 
Эрх засгийн хурдан хөлгийн
Эрдэнийн тахилгатай Хөх энгэр
Эрмэг гүүний удамт унага
Босоо төрдөг цовоо жавхлан
Тураг бугын урам хангинасан
Дулаан хан, Долоон даваа
Анчин гөрөөчний сэтгэл татсан
Агтын ар, Балигийн эх
 
Адуу мал нь багтаж ядан
Айраг үнэртсэн Хонхор шанд
Хонь мал нь багширсан
Хоёр Агтын налгар хөндий
 
Уул усных нь нэрийг
Уншихад яруу найраг
Унаган төрөлх нутаг минь
Дутуу юмгүй хангай
 
Хөх нугадаа өсөн өндийсөн
Хөдөлмөрийн баатар хоньчин Бямбаа
Бүтээн байгуулалт их барилгын үйлсэд
Бүхнээ зориулж алдаршсан баатар гавъяат Дагвасамбуу 
 
Шинэ цагийн цэрэг армид
Шил шилээ даран тодорч
Гунан буунаас артиллерт хүргэсэн
Гурван генералыг төрүүлсэн нутаг
 
Ардын их авъяастан
Алдарт дуучин Пүрэв-Очир
Монголын цэргийн жанжин
Моломжамц дэслэгч генерал
 
Агтын цэнхэр нутаг минь
Алдар цуутны нутаг
П.Дамба гуайн шүлэг. 

АСУУХ, ТОДРУУЛАХ ЗҮЙЛ ГАРВАЛ ЭРГЭЛЗЭЛГҮЙ ШУУД ХОЛБОГДООРОЙ
99033327, byambajav@moiltecolodge.mn (91033327 зун бааз дээр байрлах утас)